Friday, May 2, 2008

Дэлхий хэзээ сүйрэх вэ?


Ямар муу ёрын юм бичдийм бэ гэж бүү бодоорой. Зүгээр л энэ талаар өөрт байдаг бодлоо хуваалцмаар санагдаад. Хэрэв таалагдахгүй бол та яахаа мэдэж байгаа юм чинь. Ер нь юу л даа, хэтэрхий том асуудал мэт боловч энэ дэлхий хэзээ сүйрч болох талаар үе үе миний толгойд элдэв янзын юмнууд орж ирдэг юм. Та нар Холливудын "Нөгөөдөр" буюу "The day after tomorrow" үзсэн байх. Үзээгүй бол заавал үзээрэй гэж хэлмээр байна. Тэр бол миний бодлоор зүгээр нэг адал явдал хөөсөн арилжааны шинжтэй биш харин нилээн чухал асуудлыг бодитоор хөндсөн кино. Хэрэв та санаж байгаа бол эхлээд энд тэндгүй бороо орж, үер болж, зарим газар урьд үзэгдээгүй байгалийн үзэгдэл болж байгаагаар киноны эхний хэсэг нь өрнөнө. Тэгээд дэлхийн уур амьсгал улам бүр өөрчлөгдсөөр эцэст нь дэлхийн тодорхой хэсгүүдэд галав юүлэлт болж байгааг өгүүлдэг. Тэхээр, надад киноны энэ агуулга нь манай дэлхийн өнөөгийн байдлыг тодорхойлж, цаашид юу болж болзошгүйг зөгнөсөн мэт бодогдоод байгаам. Киноны эхэнд гарч буй тэр байгалийн үзэгдэл бол кинон дээрээ хэдхэн минутанд үргэлжилж буй боловч амьдрал дээр тодорхой удаан хугацаагаар үргэлжлэх үйл явц. Тэр үйл явц нь манай дэлхийд аль хэдийн эхэлцэн байгаа. Бид нар бараг өдөр тутам зурагтаар хардаг, тэр улсад ийм үер болж, энэ улсад түүхэнд нь болж байгаагүй халуун боллоо, тэнд анх удаа цас орж тэдэн хүн осгож үхжээ гэсэн мэдээлэл гарчийна. Энэ бүхэн чинь л тэр кинон дээр гараад байгаа үйл явц. Ингээд бодохоор манай дэлхийн хувь заяа аль хэдийн тодорхой болцон мэт санагддгийм. Энэ үйл явцыг өнөөгийн шинжлэх ухаан, техник технологийн хөгжил яагаад ч зогсоож шийдэж чадку гэдэг нь тодорхой.
Эндээс ямар дүгнэлт гарав гэхээр дэлхий ертөнцөд өнөөдөр болж байгаа үйл явдлууд бол тун өчүүхэн асуудал. Юун Косовогийн тусгаар тогтнол, юун Төвдийн эсэргүүцлийн хөдөлгөөн, юун ядуурал өлсгөлөн, юун яасан Монголын ашигт малтмал! Наана чинь бид бүгдээрээ хүн төрөлхтний хийсэн үйлийн үр, лайг эдэлж байгаль дэлхийн агуу хүчин доор хүч мөхөсдөж сүйрэх тухай яригдаж байхад. Энэ аюул ингэхэд зайлшгүй юм уу? Бидэнд үүнийг зохицуулах, зайлсхийх арга байхгүйм болов уу? Би үүнд ийм хариулт өгнө. Ер нь бол хоёр гурван хүчин зүйлээс болж ирээдүй их л бүрхэг байна гэж хэлнэ дээ. 1-т, тэртээ тэргүй ямар ч хүч зогсоож дийлэхээ байсан дэлхийн хүн амын хэт өсөлт. Хүн өснөө гэдэг чинь тэдний хоол унд, орон байр, хувцас хунар, ер нь л хүний хэрэглээний
бүх зүйлийн хэрэгцээ өсч байна гэсэн үг. Энэ болгоныг бид огт оргүйгээс хэзээ ч бий болгодоггүй. Энэ их өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд заавал дэлхийнхээ ямар нэг баялаг нөөцийг ашиглаж байж бүтээнэ. Тэр хэрээр байгалийн хоосрол лавшрана. Энэ нь галав юүлэлтийг улам магадлалтай болгоно. Товчдоо, хүн амын өсөлт = илүү их хэрэгцээ = илүү их үйлдвэрлэл = илүү их ашиглалт = илүү их хоосрол = ???? 2-т, Байгаль орчны асуудалд өнөөгийн дэлхийн хүмүүсийн ач холбогдол өгч байгаа байдал. Байгаль хамгаалах талаар ажилладаг байгууллага, санаа зовдог хүмүүс байдаг боловч энэ нь дэндүү хангалтгүй цөөн. Дийлэнх хүмүүсийн хувьд их үсрээл худлаа санаа зовсон болж ярьдаг. Ядаж л өөрөө гэртээ очоод эвдэрхий крантаа засуулах замаар байгаль хамгаалалд хувь нэмрээ оруулахгүй. Аа бас дэлхийн хүн хэт олширлоо, дэлхий маань хэцүүдэх нь ээ гээд өөрийн хувийн амьдралаа огоорч үр хүүхэд гаргахаас татгалзах хүн тун ховор. Ингээд л бид нар дэлхийн сүйрэл, галав юүлэлт гээч юмыг өөрсдөө ухамсаргүй, магад ухамсартайгаар бэлдэж байгаа гэсэн үг.
Энд нэг жишээ хэлэхэд, би саяхан хөдөө яваад ирсэн. Тэнд байхад бараг уулзсан хүн болгон байгаль дэлхий хэрхэн хурдан өөрчлөгдөж байгааг гаслан ярьж байсан. Лав л миний үеийнхэн буюу 30-аас дээш насныхан бидний бага байхад зун хичнээн сайхан болдог байсныг санадаг, ярьдаг. Тэхээр хүний нэг үе ийм их өөрчлөлтийг үзнээ гэдэг чинь их л ноцтой юмны дохио болов уу! За ингээд мунхаглаад байвал яваал байхийм шиг байна. Тиймээс энд хүрээд зогсий. Танд нэг юм бодогдсон бол тэгээл болоо.

No comments:

Баярлан гомдов буюу зүүд ээ гэж...

Баярлан гомдов буюу зүүд ээ гэж... Нэг мэдсэн чинь далай юм уу, нуур юм уу ямар нэгэн их усны ойролцоо байж байх юм. Ганцаараа ч юм ши...