Thursday, March 15, 2018

Баярлан гомдов буюу зүүд ээ гэж...


Баярлан гомдов буюу зүүд ээ гэж...

Нэг мэдсэн чинь далай юм уу, нуур юм уу ямар нэгэн их усны ойролцоо байж байх юм. Ганцаараа ч юм шиг, хамт хүмүүстэй яваа ч юм шиг... Гэтэл нэгэн хүүхдээ дагуулсан залуувтар хос ирж хажууханд байрлах юм гэнэ. Хоёулаа их боловсролтой, боловсон маягийн хүмүүс. Удалгүй хүүхэд нь ямар нэг буруу зүйл хийсэн бололтой, мань хоёр хүүхдээ загнаж зандарч эхлэв ээ, учиргүй зодож нүдээгүй ч гэсэн хажууд нь буй бидэнд хүртэл мэдэгдэхээр асар их дарамталж байв. Тэгснээ залуу хос маань агаарын теннис бололтой тоглоом тоглож эхлэв, нөгөө их усныхаа захад, нэг нь ус руугаа хальт орж гараад тоглож байна. Би тэсэлгүй хүүхдийн хүмүүжлийн тухай яриа тэдэнтэй өрнүүллээ. Тэдний дэргэд хажуулдан хэвтээд ярьж байсныг бодоход усан дотор хэвтэж байсан ч юм шиг... Амьхандаа хүүхдээ загнаж зандрахгүйгээр аль болох аргаар, эвээр хүмүүжүүлэх тухай л яриад байх юм. Нөгөө хоёр ч тоглонгоо сонсож, сонсохоор барах уу харилцан ярилцаж байна.
Удалгүй бүгдээрээ эрэг дээр суух нь суугаад зогсох нь зогсож байна. Бодвол саяны ярианаас үүдэж нүүр хагаран ярилцаж байгаа бололтой, мань хоёр миний тухай сонирхож эхлэв ээ. Гэрлэсэн эсэх, хэдэн хүүхэдтэй гэх мэт. Би гэр бүлээ танилцуулж байх юм гэнэ, “Эхнэр бид хоёр дөрвөн хүүхэдтэй.”
-        - Хөөх, бүр дөрөв юм уу? Хэд хэдэн настай юм?
-        - За, хамгийн том нь хүү, одоо арван найм өнгөрч байгаа, дараах нь охин 16 өнгөрөөд 17 дөхөж байгаа...
      
       Тэгтэл нөгөө хоёр хоорондоо шивэр авир хийгээд явчихав. Ялангуяа хүүхэн нь нэг зүйл ятгаад байгаа бололтой, “...эднийх байвал болох юм биш үү...” гэсэн үгс хальт чихийг минь шүргэлээ. Удалгүй мань хоёр өөрсдийгөө танилцуулах ээлж ирсэн бололтой, гэтэл танил ч юм шиг харагдаад байсан тэр боловсон байрын залуу нь жүжигчин Бооёо гэнэ. Би дотроо гайхасхийгээд өнгөрлөө. Намайг Дорнод гаралтай гэдгийг сонсоод Бооёо, манай Амбий, өөр хэн ч гэнэ вэ нэг нэр хэллээ, эд нар бас Дорнодынх ш дээ гэж байна. Би өөрийг нь бас Дорнодын гаралтай гэж ойлгодогоо хэлэхэд зөвшөөрөн “Тийм тийм, манайхан Дорнодоос ирсэн” гэж баталлаа. Би хүүхдүүдээ танилцуулж дуусаагүй байсан тул Аригун, Сараана хоёрын насыг хэлэх гэтэл санадаггүй, нилээн бодож байж Аригуны нас, дахиад баахан тооцоо хийж байгаад Сарааны насыг хэллээ. Энэ хооронд мань хоёр нүүр дүүрэн мишээл тодруулан нэгэн санал тавилаа. Би арай чүү бага хоёрынхоо насыг бодож олсоныхоо дараа тэдний юу гэх гээд байгааг анхааран сонсоход, Бооёо саяхан ямар нэг одон медаль авсан, тэгээд тэрийгээ тэмдэглэж, хэн нэг хүнийг баярлуулахаар шийдсэн гэнэ. Тэгэхдээ олон хүүхэдтэй айлын нэг хүүхдийнх нь их дээд сургуульд сурах төлбөрийг даахаар шийдсэн гэнэ. Ингээд цааш нь тэр хоёр хоорондоо нарийн ширийнийг нь хэлэлцэж байгаа бололтой хэсэг хугацаа өнгөрлөө. Би ч бөөн баяр, тэсэж ядан хүлээлээ.
      
       Гэтэл.......... гэсэн чинь юу вээээ... би гэртээ орондоо хэвтэж байдаг байгаа. Харамссан гэж жигтэйхэн. Заримдаа зүүд бүр яг бодит, үнэхээр болж өнгөрсөн юм шиг санагдах үе байдаг. Энэ бол тийм л зүүд байлаа, тийм ч учраас итгэж ядан, “жоохон хүлээсэн бол хүүдээ сургалтын төлбөртэй ирэх байж” гэж бараг л харамсах шахав.
    
      Зүүд ээ гэж...

Баярлан гомдов буюу зүүд ээ гэж...

Баярлан гомдов буюу зүүд ээ гэж... Нэг мэдсэн чинь далай юм уу, нуур юм уу ямар нэгэн их усны ойролцоо байж байх юм. Ганцаараа ч юм ши...